Tesla, SpaceX компаниудын гүйцэтгэх захирал Илон Маск өчигдөр хувийн нисэх онгоцоороо Германыг зорьсон тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Түүний зорилго нь Берлин дэх цахилгаан хөдөлгүүрт автомашины шинэ үйлдвэрийнхээ нээлтэд оролцох юм байна.
“Berlin gigafactory” гэж нэрлэж буй уг үйлдвэр $5 тэрбумын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан бөгөөд жил бүр олон мянган Model Y загварын автомашин болон цахилгаан автомашины олон сая батарей үйлдвэрлэх юм.
Tesla компани одоогоор дөрвөн үйлдвэртэй ба гурав нь АНУ-д, нэг нь Хятадад үйл ажиллагаагаа явуулдаг.
Тав дахь үйлдвэр нь ийнхүү Европ тивд нээгдэж байна.
Берлиний үйлдвэрийг өнгөрсөн онд нээх төлөвлөгөөтэй байсан ч батарей үйлдвэрлэх хэсгийг нэмж байгуулах шалтгаанаар хойшилж байжээ.
Үйлдвэр ажиллаж эхэлснээр шууд 2,600 ажлын байрыг бий болгож, цаашдаа 12,000 болж нэмэгдэх юм.